Хичээлийн төлөвлөгөө
АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУХАЙ
Үйл ажиллагаа 1
Хичээлээ дараах асуултуудыг тавьж, хэлэлцүүлэг байдлаар эхлүүлж өрнүүлнэ:
-
Та согтууруулах ундаа хэрэглэж үзсэн үү? Хэрэв үзсэн бол
анх удаа согтууруулах ундааг амсахад ямар мэдрэмж төрж байсан бэ? Жишээлбэл:
муухай амт, муухай үнэр, толгой өвдөх, бөөлжис цутгах, нүд эрээлжлэх, хөл
гуйвах
-
Та анх удаа амсахдаа найз нөхдийнхөө дунд баяр ёслолын
байдалтай байсан уу?
-
Эхний удаа амсахад ийм муухай мэдрэмж төрсөн юм бол та
яагаад давтан хэрэглэх хүсэлтэй байна вэ? Яагаад?
-
Архигүйгээр ямар нэг баяр ёслолын арга хэмжээг та төсөөлж
чадах уу?
-
Архи яагаад таны болон танай орон нутгийн иргэдийн
амьдралын нэг хэсэг болсон гэж бодож байна вэ? Үүнд юу нөлөөлж байна вэ?
Дээрх хэлэлцүүлгийг 30 минутын турш үргэлжлүүлнэ.
Үйл
ажиллагаа 2
Хэлэлцүүлгийн дараа хавсралтад буй
(Хавсралт 1) диаграмыг үзүүлэн архины талаархи сөрөг ойлголт хэрхэн эерэг болж
хувирсан талаар тайлбарлан танилцуулна.
Гол мэдээлэл 1:
Архи идээний дээж биш, архи баяр
ёслол хүндэтгэлийн бэлэг тэмдэг биш.
Хүмүүс согтууруулах ундаа анх амссан
үеийнхээ талаар юу гэж хэлдэг вэ?
Энэ талаар хүмүүс дараах нийтлэг
шинжүүдийг ихэвчлэн хэлдэг: нөлөөнд орсон, баяр хөөртэй болдог, таашаалтай
байдаг гэх мэт. Архинд агуулагдах химийн бодисуудын нөлөө нь тархинд хэрхэн
үйлчилдэг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл байхгүйгээс хүмүүс
иймэрхүү буруу ойлголтыг авдаг байна. Ийм ойлголт, хэвшмэл хандлага тогтоход
олон хүчин зүйлс нөлөөлдөг. Анх удаа согтууруулах ундааг амсахад гашуун, муухай
амттай, муухай үнэртэй байж, биед орсон хойноо бөөлжис цутгах, толгой эргэх,
толгой өвдөх, дотор муухай оргих, хөл гуйвах зэрэг шинжүүд гэх мэт тааламжгүй
мэдрэмж илэрдэг гэдгийг хүмүүс мэднэ. Гэтэл яагаад энэ нь яваандаа гоё сайхан
мэт болж хувирдаг вэ? Хүүхдийг бага байхаас эцэг эх, гэр бүлийн орчин, нийгмийн
орчин, медиа сувгуудаар үзүүлж буй бүхий л гадаад хүчин зүйлс, архи
үйлдвэрлэгчдийн далд маркетингийн бодлого зэрэг нь согтууруулах ундаа нь гоё
сайхан мэдрэмж төрүүлдэг мэт нөлөөлөл төсөөллийг бүрдүүлдэг байна. Павловын
нохойн дээр туршсан нөхцөлт рефлекс үүсгэдэг шиг, хүн өөрөө өөртөө ийм нөхцөлт
рефлексийг үүсгэсэн байна. Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэхээр гоё
мэдрэмж төрнө, хөөрнө, стресс тайлагдана, бүжиглэх чадвартай болно гэх мэтээр
энэхүү мэдрэмжийг хүчээр үүсгэж архи уух эсвэл уусан үедээ дээрх байдалд орох
гэж хичээдэг байна. Гэтэл архинд агуулагддаг химийн бодис нь хүний сэтгэл
санааг хөөргөх биш, харин эсрэгээр сэтгэл гутралыг үүсгэх нөлөөтэй байдаг
байна. Уншигч та согтоод уначихсан хүн хэзээ ч дуулж бүжиглэж байгааг хараагүй
байх. Мөн архаг архичин эерэг үг хэлдэггүй болохыг өөрсдийн эргэн тойрны
хүмүүсээс ажиглаж мэдсэн байх. Хэрвээ анхны хэрэглээ тааламжгүй байсан бол
яагаад тэд үргэлжлүүлэн хэрэглэдэг вэ?
Хавсралт 1
Архины талаарх ойлголт хэрхэн эерэг болж хувирсан бэ?
Архины талаарх
ойлголт эерэг болж хувирахад маш олон хүчин зүйлс нөлөөлдөг байна. Үүнд:
-
Ёс заншил
-
Шашин шүтлэг
-
Эцэг эхийн генетикитийн урьдал байдал
-
Гэр орон, сургууль, ажлын байрны архидалттай нөхцөл
байдал
-
Хамт олон, найз нөхдийн нөлөө
-
Баяр ёслолийн бэлэгдэл
-
Хүндэтгэлийн бэлэгдэл
-
Зар сурталчилгааны нөлөө
-
Архи согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн далд маркетингийн
бодлого
Боловсруулсан: П. Болормаа, НЭМҮТ, Эрүүл мэндийг дэмжих албаны дарга
No comments:
Post a Comment