Monday, April 14, 2014

Архи тархи мэдрэлийн систем болон бусад эрхтнүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Үйл ажиллагаа 1

Оролцогчдыг 2 бүлэгт хувааж, бүлэг бүрийг хүний биеийн зургийг эрхтнүүдийн хамт зураад архи согтууруулах ундаа хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг зурж илэрхийлэхийг хүснэ. Бүлэг бүр 10 минутын хугацаанд дээрх даалгаварыг гүйцэтгэнэ.
Бүлэг бүр өөрсдийн танилцуулгыг тус бүр 5 минутын хугацаанд танилцуулна. Бүлгүүдийн танилцуулгын дараа чиглүүлэгч багш зөв мэдээллийг өгнө. Хавсралтад буй мэдээллийг мөн оролцогчдод хэвлэн тарааж өгнө.

Хавсралт 1

Архи согтууруулах ундааны бие махбодид үзүүлэх сөрөг нөлөө
Зүрхэнд
·         Зүрхний хэмнэлийг удаашруулна, удаан хугацаагаар их хэмжээгээр архийг хэрэглэсэн хүмүүст зүрхний эмгэг үүсч цус харвах, даралт ихдэх зэрэг хүндрэлүүд гардаг байна.
Ходоодонд
·         Архи уудаг хүмүүсийн ходоодны хүчил нэмэгддэг, цээж гашуу оргино, удаан хугацаанд их хэмжээгээр архи хэрэглэснээр ходоодны хана гэмтэж, ходоодны шархлаа болон хорт хавдар үүсдэг.
Тархинд
·         Мэдрэлийн эсүүдийн сэрэл дамжуулах үйл ажиллагааг дарангуйлна. Хэтрүүлэн хэрэглэснээр тархины эдэд үзүүлэх мэдрэл хордуулах нөлөөний улмаас донтох аюултай!
Элгэнд
·         Элэгний үрэвсэл, өөхлөлт, элэгний хатуурал үүсгэнэ.
·         Ази хүмүүс - Монголчуудын хувьд: Этилийн спиртийн (этанол) завсрын бүтээгдэхүүн болох цууны альдегидыг хоргүйжүүлдэг альдегиддегидрогеназ ферментийн идэвх бага байдаг.
Нөхөн үржихүйн эрхтэнд: Түрүү булчирхайн үрэвсэл, Үргүйдэл
Бөөрөнд:
·         Бөөрний ялгаруулах үйл ажиллагаа хямарна. Шээс их хэмжээгээр ялгаруулах бөгөөд, удаан хугацаанд их хэмжээгээр архийг хэрэглэснээр бөөрний дутагдал үүсдэг.
Арьс:
·         Цусан хангамж нь нэмэгдсэний улмаас арьс улайна, нүүрний арьс нь хавагнасан мэт харагдана.
Нүд:
·         Нүдний хараа муудна. Хүүхэн хараа багассанаас харанхуй болон гэрэлд нүдний дасан зохицож харах чадвар багасна.
Яс:
·         Удаанд хугацаанд их хэмжээгээр архийг ууснаар цусанд кальци

Үйл ажиллагаа 2
Оролцогчдыг 3 бүлэгт хувааж бүлэг бүрт ялгаатай хувь хүний түүхүүдийг өгч, танилцахыг хүснэ. Бүлэг бүр дараах асуултанд хариултууд бэлтгэхийг хүснэ.
Асуулт:
-          Энэхүү түүхэнд гарч буй хүмүүст ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-          Яагаад ийм өөрчлөлтүүд гарах болсон бэ?
-          Тасрах гэж юуг хэлдэг вэ? Энэ нь ямар хор хохирол үр дагавар учруулдаг вэ?
-          Эмэгтэй эрэгтэй хүн яагаад архинд ялгаатай хамааралтай болж, яагаад өртөмхий байдал нь ялгаатай байна вэ?
Бүлгүүдийг хариулт саналыг сонсоод чиглүүлэгч багш хавсралтад (Хавсралт 2) буй мэдээллээс гол өгөх ёстой мэдээллийг оролцогчдод мэдээлнэ.
Хавсралт 1:
Түүх 1
Бат барилгын инженер бөгөөд архи нилээн уудаг. Учир нь найз хамт олонтойгоо цагийг сайхан өнгөрөөхийн тулд архи уух шалтаг болдог байна. Бараг сүүлийн 5 жилийн турш архийг нилээн хэрэглэсэн байна. Гэтэл саяхнаас Батын утасны дугаар тогтоох чадвар, зарим нэг хуучин зүйлсийг санахад их л хэцүү болж иржээ. Мөн их амархан мартамхай, уйтгартай болсныг эхнэр нь хэлэх болжээ.

Түүх 2
Туяа саяхан шинэ ажилд оржээ. Шинэ хамт олонтойгоо танилцахын тулд эхний нийллэг дээр очихдоо өлөн байсныг хэлэх үү. Хамт олноос санаа зовохдоо өгсөн болгоноос татгалзалгүй уусны дараа гэнэт тасран уналаа. Тэр орой юу болж өндөрлөсөн, хэзээ яаж хэнтэй гэртээ ирснээ ер санахгүй байлаа.
Түүх 3
Оюун энэ жил 34 нас хүрч байгаа ганц бие бүсгүй. Боловсролтой, өндөр цалинтай сайхан ажил хөдөлмөр эрхэлдэг нэгэн. Гэртээ ганцаараа амьдардаг бөгөөд стрессээ тайлах зорилгоор орой бүр бага зэргийн вино эсвэл пиво уух дуртай. Уг нь хааяа нэг вино уудаг байснаа сүүлийн үед бараг өдөр бүр оройдоо уухгүй л бол нэг л тааламжгүй байх болжээ. Сүүлийн жилүүдэд мөн их мартамхай болж, ой тогтоолт нь эрс муудаж байгааг өөрийгөө яагаад ингэж байгааг их л гайхаж байлаа.
Хавсралт 2:

Архи тархи мэдрэлийн системд хэрхэн нөлөөлдөг вэ?

ЕБС-ийн 12-17 насны долоон мянган хүүхдийн дунд судалгаа явуулахад 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу олны хэлж сурснаар тасартлаа ууж үзсэн гэж хариулжээ. Мөн ихэнх нь 11 насандаа архийг анх хэрэглэж үзсэн гэсэн байна. Судлаачид архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдгийг баталжээ. Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, жирэмсэн эх согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг байна. Ялангуяа үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг.

Мөн хөхүүл эмэгтэй архи хэрэглэвэл хөхний сүүгээр дамжин, хүүхдийн сэтгэц, оюун ухаанд нөлөөлдөг байна. Сүүлийн хэлбэр нь нийгмийн хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Учир нь архичин гэр бүлд төрж өссөн хүүхэд сэтгэхүй болон хүмүүжлийн доголдолтой болох ба согтууруулах ундаа уух бүр уусан архины 60- 70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх үндэс болдог аж. Энэ нь үр удамд үзүүлж буй архины хамгийн том сүйрэл юм.
Хүн архи ууснаас 2 минутын дараа архи ходоодоор шимэгдэж цусанд орно. Цус түүнийг бие махбодын бүх хэсэгт тараана. Хамгийн эхэнд их тархины гадрын эсүүд нэрвэгдэх тул болзолт хариу урвалын үйл ажиллагаа муудна. Их тархины гадрын духны эсүүдэд архи нөлөөлбөл сэтгэл хөдлөл өөрчлөгдөж хий баярлах, дэмий инээх, өнгөцхөн эргэцүүлэн боддог. Их тархи гадар тархины доод хэсгийнхээ ажиллагааг хянах чадвар нь зогсдог. 


              Зураг 1. Эрүүл тархи ба архинаас болж тархины эсүүд цөөрч, хатингаршсан тархи

Хүний цусан дахь архины өтгөрлийн хэмжээнээс мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал шууд хамаарна. Цусан дахь архины өтгөрөл 0.04-0.05% болбол их тархины гадар ажиллагаанд өөрчлөлт орох ба 0.01% болбол хөдөлгөөнийг хянадаг тархины гүнийн хэсгийн үйл ажиллагаа хямарна. 0.02% болоход хүний сэтгэл хөдлөлийг хянадаг тархины хэсэгт нөлөөлдөг. 0.03% болоход хүн орчин тойрноо мэдрэхээ болино . Гэхдээ ухаантай байх энэ үеийг архины мэнэрэл гэнэ. 0.04% хүрвэл хүн ухаан алдана. 0.06% хүрвэл хүн үхдэг байна.

Яагаад архи оюун ухааныг муутгадаг вэ?

Архи согтууруулах ундааны тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө нь дараах шинжээс харагдана. Тухайлбал: явж чадахгүй болох, юм бүдэг харагдах, яриа дультрах, цаг хугацааг анзаарахгүй байх, ой тогтоолт муудах. Эдгээр нь бүгд тархинд архи нөлөөлж байгааг тодоос тод харуулж буй илрэл юм. Эдгээр шинжүүдийн зарим нь зөвхөн нэг хоёр хундага архи уухад илрэх бөгөөд архи уухаа зогсоомогц хурдан энэ нь засрах жишээтэй. Гэхдээ удаан хугацаагаар, их хэмжээгээр архи ууж байсан хүнд тухайн хүн эрүүлжсэн ч тархины энэхүү дутагдал шинж нь арилдаггүй байна.
Их хэмжээгээр архи уух нь тархинд их хэмжээний өөрчлөлтийг, тухайлбал энгийн ой тогтоолт буурахаас эхлээд насан туршийн түр саатуулах байранд байлгаж асрах хүртэл эрүүл мэндийн доройтолд хүргэдэг байна. Дунд зэргийн уух нь хүртэл богино хугацааны хортой үр дагаварт хүргэхүйц нөлөөлдгийг согтуугаар жолоо барьснаас үүдэн гарсан хэргүүд гэрчилнэ.
Архи хэрхэн ямар хэмжээгээр хэрэглэснээс хамааран тархинд үйлчлэх нөлөө нь гардаг байна: Үүнд:
-          Ямар хэмжээгээр, ямар давтамжтайгаар уудаг
-          Анх хэрэглэж эхлэсэн нас, хир удаан ууж байгаа
-          Тухайн хүний нас, боловсролын түвшин, хүйс, ген удамшлын хүчин зүйлс, архитай холбоотой гэр бүлийн түүх
-          Эхийн хэвлийд байхдаа архины нөлөөнд байсан эсэх
-          Эрүүл мэндийн байдал
Архи нь бага хэмжээний уултын дараа ч оюун ухааны хомсдолд амархан ажиглагдахуйц нөлөөлдөг бөгөөд энэ нь уултын хэмжээ нэмэгдэх тусам нөлөө нь улам оюун ухааны хомсдолд хүчтэй нөлөөлж ирдэг. Их хэмжээний архийг нэг дор хоосон ходоодтой үедээ уух үед тасрах буюу тухайн үеийн процесс мөчийг ер санахгүй байдаг. Тасрах нь илүүтэйгээр нийгэм хамт олонтойгоо ууж буй тохиолдолд элбэг бөгөөд наснаас үл хамааран мөн тухайн хүн архины хамааралтай эсэх зэргээс үл харгалзан гэнэт огцом хордлогод орсноос ийм байдалд ордог байна. Их, дээд сургууль, коллежийн 772 оюутан залуучуудын дунд хийгдсэн судалгаагаар тэдний 51 хувь нь амьдралынхаа туршид архи ууж тасарч байсан гэж хариулсан байна. Тэдний дийлэнх нь тасарсан үедээ дараах аймшигт эрсдэлд орж байсан гэжээ. Үүнд: зэрлэг авир гаргах, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэх мэт.
/Их хэмжээгээр уух ба тасрах: Тасарч унаж байсан гэсэн хүмүүс дийлэнх нь маш их хэмжээгээр нэг дор богино хугацаанд ууж, цусанд архины хэмжээ огцом нэмэгдсэнээс тархинд үзүүлэх үйлчлэл хурдан гарсантай холбоотой. Коллеж, их, дээд сургуулийн оюутнууд их хэмжээгээр уудаг, үнээс тасарсан тохиолдол өндөр байгаа учраас хамгийн их өндөр эрсдэлд байдаг байна. Их хэмжээгээр уух гэдэг нь насанд хүрсэн эрэгтэй хүн 2 цагийн дотор 5 түүнээс илүү хундага, эмэгтэй хүн 4 түүнээс илүү хундага архи уухыг хэлдэг байна./
Судалгаанаас үзэхэд эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүүтэйгээр тасарсан тохиолдол өндөр байдаг байна. Учир нь эмэгтэй хүн эрэгтэй хүнээс архийг хоргүйжүүлэх бодисын солилцоо нь ялгаатай байдагтай холбоотой. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол бас хурдан согтдог байна.

Эмэгтэй хүний тархи архины нөлөөнд бүр илүү мэдрэг эмзэг хүлээн авдаг эсэх?

Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй харьцуулахад архины химийн үйлчилгээнд илүү мэдрэг нөлөөлдөг байна. Жишээлбэл: архи уудаг эмэгтэйд элэгний хатуурал, архинаас үүдэлтэй зүрхний булчингийн гэмтэл, захын мэдрэлийн гэмтэл зэрэг нь ижил хэмжээгээр уусан эрэгтэй хүнтэй харьцуулахад бүр богино хугацаанд илэрдэг байна. Тархины компьютер томографийн шинжилгээгээр архи уудаг эрэгтэй эмэгтэй хүмүүсийг уудаггүй хүмүүстэй харьцуулахад уудаг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархи нь илүү гэмтэлтэй болох нь харагджээ. Энэхүү судалгаа нь мөн их хэмжээгээр уудаг эрэгтэй эмэгтэй хүмүүст аль алинд нь ой тогтоолт буурсан оюуны чадамж нь буурсан нөлөөлөл үзүүлснийг тогтоожээ. Мөн судалгааны үр дүн нь эмэгтэй хүний бусад эд эрхтэний адил тархи нь бас архинд эмзэг нөлөөллийг авдаг нь тогтоогджээ.
Их хэмжээгээр удаан хугацаанд уусан хүмүүсийн тархинд тогтвортойгоор аюултай нөлөөллийг архи үзүүлдэг байна.
Судалгаагаар удаан хугацаагаар их хэмжээгээр ууж байсан хүмүүсийн тархины ховдлууд багасч, тархины эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулагч цагаан эсүүд цөөрдөг болохыг тогтоожээ.
Судлаачид ой тогтоолт болон мэдээллийг эргэн санах тогтолцоо нь хүний анхаарал төвлөрүүлэх болон санаачлагатай байх зэрэгт хүчтэй нөлөөлдөг болохыг тогтоожээ. Энэхүү судалгаагаар архийг удаан хугацаанд уухгүй тэвчиж чадсан хүмүүсийн ой тогтоолт анхаарал төвлөрөлт хэрхэн сайжирч болохыг харуулжээ.

Вернике-Корсаковын Синдром

Архи уудаг хүмүүсийн 80 хувьд нь тиамин витамины дутагдал үүсдэг, мөн заримд нь тархины хүнд эмгэг буюу Вернике-Корсаковын синдром үүсдэг байна. Энэ нь хоёр тусдаа синдром юм, үүнд богино хугацааны Верникийн тархины эмгэг, мөн удаан хугацааны Корсаковын солиорол гэж өвчин үүсдэг.
Верникийн тархины эмгэг нь оюун ухаанаа алдах, нүдийг хөдөлгөдөг мэдрэлийн саажилт, булчингийн зохицуулга алдагдах зэрэг шинжүүд ордог. Жишээлбэл, ийм өвчтөн өрөөгөө олохгүй байх. Верникийн тархины эмгэгтэй хүмүүсийн 80-90 хувьд нь Корсаковийн солиорол илэрдэг байна. Энэ нь суралцах чадваргүй болох ой тогтоолт нь муудах зэрэг шинжээр илэрдэг. Ийм хүмүүс амархан мартамхай болох, амархан уурлах, явахад хэцүү болох. Эдгээр өвчтнүүд хуучин явдлуудаа сэргээж санаж чадахгүй, эдгээр хүмүүс амьдралдаа болсон явдлыг ярьж байснаа цагийн дараа юуны талаар ярьж байснаа санахгүй байдаг байна.

Үйл ажиллагаа 3
Дараах чиглүүлэх асуултуудын дагуу оролцогчдын дунд хэлэлцүүлгийг өрнүүлнэ.
-          Архи согтууруулах ундаанд тархинаас гадна бусад ямар эд эрхтнүүд өртөж гэмтдэг вэ?
-          Архийг удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэснээр ямар хор үр дагавартай вэ? Удаан хугацаанд хэрэглэснээр таны гадаад төрхөнд ямар өөрчлөлт гарч болох вэ?
-          Эрүүл мэндээс гадна өөр таны гэр бүл, хамт олон, ажил төрөл, сургууль боловсрол, эдийн засаг, нийгэмд хэрхэн ямар хортой үр дагаварууд гарч болох вэ?

Боловсруулсан: П. Болормаа, НЭМҮТ, Эрүүл мэндийг дэмжих албаны дарга

Thursday, April 10, 2014

Хичээлийн төлөвлөгөө

Архи согтууруулах ундаа ба бэлэгдэл
Үйл ажиллагаа 1
Оролцогчдын архи согтууруулах ундаа ба бэлэгдэлтэй холбоотой буруу хандлагуудыг тодорхойлох тандах зорилгоор дараах дасгалыг ажиллуулна.
Үүнд оролцогчдыг зогсохыг хүснэ. Чиглүүлэгч багшийн хэлж буй тодорхойлолтыг сонсоод тухайн тодорхойлолттой "Санал нийлж байна", "Эргэлзэж байна" эсвэл "Мэдэхгүй" гэсэн хананд наасан 3 хэсэг газрын аль нэг хэсэгт харалдаа зогсохыг хүснэ. Тодорхойлолтуудыг Хавсралт 2-оос үзнэ үү.
Энэхүү дасгалыг 20 минутын хугацаанд хийнэ. Оролцогчдыг тухайн тодорхойлолт бүр дээр зогсоход нь тодорхойлолт бүр дээр тогтож яагаад тэрхүү тодорхойлолтыг дэмжиж байгаа талаар асууж ярилцана.

Үйл ажиллагаа 2
Дараах чиглүүлэх асуултуудыг асууж хэлэлцүүлэг өрнүүлнэ.
-       Архи согтууруулах ундаа яагаад заавал баяр ёслолын үеэр хэрэглэдэг эд зүйл болж хувирсан бэ?
-       Бэлэгдэл хэрхэн сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-       Үнэт зүйлс ба архидалт хэрхэн хоорондоо холбогддог вэ?  жишээ хэлнэ үү?
-       Ёс заншил хэрхэн архидалтанд нөлөөлдөг вэ? Жишээ хэлнэ үү?
-       Нөхөрлөлийн бэлэгдэл архидалт мөн үү?
-       Архи согтууруулах ундаа нь өдөөгч бодис уу, дарангуйлагч бодис уу?
Дээрх хэлэлцүүлгийг 30 минутын турш чиглүүлнэ.
Дүгнэлт: Оролцогчдоос архи, согтууруулах ундааны талаарх ойлголт хандлага нь өөрчлөгдсөн эсэхийг асууж, дараах өгүүлбэрээр энэхүү хичээлийг дүгнэн төгсгөх болно. "Архи согтууруулах ундааны нөлөөгөөр ямар ч төрлийн зан үйл, мэдрэмжийг үүсгэж болно гэж ихэнх хүмүүс ойлгодог бол, үнэндээ тухайн бодист бус нийгмийн үнэлэмж, хандлага, зан үйлийн байдлын тусгал болохыг тэр бүр олж хардаггүй байна."

Үндсэн мэдээлэл:
Архины үйлдвэрлэл бидний бүх аз жаргалтай агшин, сэтгэл хөдлөлийг архитай холбож өгдөг байна. Бид өөрсдийн бүхий л зугаатай хөгжөөнтэй агшинуудыг архитай өнгөрүүлж сурах ба ингэснээр тодорхой хугацааны дараа архи зугаа цэнгэлийн  бэлэгдэл болдог байна. Бэлэгдлүүд бидний бодож байгаагаас илүү их хүчтэй.

Хавсралт 1:

Бэлэгдэл нь сэтгэгдэл төрүүлдэг
Германы философич Кантын номонд хүрээлэн буй орчноосоо хүлээн авч байгаа
бидний аргыг дүрсэлсэн байдаг. Бид бодох дуртай зүйлийнхээ жинхэнэ мөн чанарыг анзаардаггүй. Юмсын талаарх бидний мэдрэмж ба ойлголт нь төрөлх чанараас бага зэрэг өөрчлөгдсөн байдаг. Бид хүрээлэн буй орчноосоо, мөн өөрсдийн амьдралын туршлагаараа аливаа юмсын талаар суралцдаг. Иймээс хийсвэр төсөөлөл нь бодит шинж чанараас ялгаатай байдаг билээ. Жишээ нь: Зул сарын гацуур нь зул сарын баярын сэтгэгдлийг дэмжиж өгдөг. Ургамал судлалын үүднээс гацуурын шинж чанарыг үүнтэй холбож тайлбарлаж болох болов уу? Өнгөлөг бүтээгдэхүүний хэсгүүд нь хүний зан аашинд нөлөөлдөг ба хэрэв хэсгүүд нь тухайн нөхцөл байдалд тохирсон бол аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг. Иймэрхүү замаар юмсын бодит шинжээс жижиг сажиг зүйл нь ч бидний санаа сэтгэлд нөлөөлж чаддаг байна. Онцлог нөхцөлд бид үүнийг ашиглаж дадсантай холбоотойгоор нөлөө нь илэрдэг. Эдгээр зүйлс нь бэлэгдлийн чанарыг илүүтэйгээр агуулсан байдаг. Өөр зан заншил, орчинд байсан хүмүүст бидний бэлэгдлүүд тэдний зан ааш, мэдрэмжинд ямар нэг нөлөө үзүүлдэггүй.
Бэлэгдлийн сэтгэлийн хөдөлгөөнд үзүүлэх нөлөө нь танин мэдэх явцаар илэрдэг.
Ихэнх тохиолдолд харааны мэдрэхүйгээр дамжин илэрдэг. Үнэрлэх, амтлах замаар хоол хүнс, ундааг мэдэрдэг. Бэлэгдлүүд нь үргэлж бэлэгдлийн чанартай байдаггүй.
Шинэ жилийн гацуурыг хараад төрдөг ааш, мэдрэмж нь гацуурын үндсэн шинж
чанартай холбоогүй гэдгийг бид мэднэ. Согтууруулах ундаа, мансууруулах бодисын бэлэгдлийн чанар нь нэг их байнга анзаарагдаад байдаггүй. Хэрэв согтууруулах ундаа, мансууруулах бодисын химийн нөлөө байвал энэ нь арай өөрөөр зүйлтэй нэгдэж “өдөөгч” болж хүний сэтгэхүйд рефлекс болж үлддэг байна. Ихэнх хүмүүс “1 хундага дарс уухад яав л гэж” маш бага хэмжээний спирт хэрэглэдэг. Нэг хоёр хундаган дахь спиртийн хэмжээний нөлөө ихэнх тохиолдолд дүйцэж ялгагддаггүй болох нь судалгаагаар харагдсан. Спиртийн ихэнх эерэг “нөлөө” нь тухайн согтууруулах ундаа нь амтлах, үнэрлэх, харааны мэдрэхүйгээр дамжин илэрдэг. Хоёр найз уулзаж “шар айраг уунгаа цагийг сайхан өнгөрөөхдөө” нарийн гэдсээр дамжин спирт шимэгдэн тархинд очин сайхан мэдрэмж төрөхийг хүлээж суудаггүй, үүнээс эрт буюу эхний балга эсвэл шилтэйг задлаагүй байхад тэдний сайхан ааш дээд цэгтээ хүрсэн байдаг.
Энэ мэтчилэн баяр ёслолыг сэтгэл судлалын үүднээс тайлбарлахаас химийн
шинжлэх ухаанаар тайлбарлах хэрэгтэй болно. Бид баяр ёслолын үеэрх бэлэгдлийн
чанарыг нь ойлгохгүйгээр согтууруулах ундааг хэрэглээг ойлгож чадахгүй.

Бэлэгдэл хэмээх үнэт зүйлс ба архидалт
Архи согтууруулах ундааг соёл, ёс заншил, хүлээлт мөрөөдөл зэрэг хүний үнэт
зүйлтэй нь холбож өгвөл хүний зүрх сэтгэлд хүрч чаддаг байна. Ихэнх тохиолдолд өдөр тутмын амьдрал бага зэргийн тансаг байдлыг ялгаж өгөх бэлэгдлийн шинж чанартай. “Одоо би жаахан амарч цагийг сайхан өнгөрөөж байна” гэсэн нөхцөл байдалтай нь согтууруулах ундаа хэрэглэх нь зохицсон байдаг. Олонхи хэрэглэгчид мансуурах биш зөвхөн бэлэгдлийн чанартай хэрэглэдэг.
Согтууруулах ундааны хэрэглээг насанд хүрсэний бэлэг тэмдэг байдлаар хүлээн
Авдаг ба ийм маягаар олон зүйлийг авч үздэг. Жишээ нь: тамхи татах, өсвөр насныхан өөрсдийгөө насанд хүрсэн гэдгийг харуулахын тулд хэрэглэдэг. Заримдаа залуу эрчүүд архи, согтууруулах ундаа хэрэглэх нь “эр хүний шинж” гэж үзэх нь бий.

Ёс заншил ба нийгэмд тогтсон итгэл үнэмшил
Хүн бол нийгмийн харилцааны салшгүй нэг хэсэг. Хүнд хэн нэгэнтэй уулзах
хэрэгцээ байдаг тэрээр “кофе ууя”, “пиво ууя” зэргээр бие биенээ урьдаг. 19-р зууны үед кофе нь тэр бүр худалдан авч дийлэхээргүй сонирхолтой ундаа байсан. Иймээс кофе нь ямар нэг содон сонин зүйлийг “өдөөгч” болж байв.
Мөн олныг хамарсан үйл ажиллагаа нь “хамтдаа” гэсэн санааг агуулдаг. Хамтдаа
хундага өргөх нь бүлгийн (тодорхой фракцын нэг гишүүн гэдгээ батлах, итгэл
төрүүлэх) нэгэн хэсэг байгааг илэрхийлдэг.

Нөхөрлөлийн бэлэгдэл архидалт мөн үү?
Нийгмийн бүлгүүд нь хувцаслалт, үг ярианы маяг байдал бусад бэлэгдлээрээ
ялгагддаг. Архи хэрэглэдэг бүлэгт уух нь бүлгийн нэг гишүүнийг илэрхийлнэ. Эмчилгээний явцад хэрэглээгээ зогсоох нь найз нөхөд, орчинтой холбоотой. Удаан хугацаанд дасал болсон хүмүүс ихэвчлэн хамт хэрэглэдэг хүмүүсээсээ өөр найз нөхөдгүй болсон байдаг ба согтууруулах бодисоосоо илүү тэдгээр найз нөхдийнхөө хамааралд орсон байдаг. Хамааралд орсон амьдрал нь нийгмийн бүлэгт хамрагдахаас гадна хэдийгээр хэм хэмжээнээс ухарсан ч идэвхтэй, зорилготой амьдралын хэсэг болдог. Донтсон хүн мансууруулах бодист зарцуулах мөнгөний талаар, хулгай хийхийг завдах, төлөвлөх, мансууруулах бодис худалдах, худалдан авахад эрчимтэйгээр сэтгэл түгшдэг болно. Энэ амьдралыг зайлшгүй хийх ёстой амьдралын төлөөх уйгагүй бизнес гэж хэлдэг. Энэ нь ямар нэг хэмжээгээр хов хоосон, нэгэн хэвийн амьдралыг нь утга учиртай болгож, зорилгожуулж дүүргэж өгч чаддаг.

Баяр ёслол ба химийн бодисын нөлөө
Архи согтууруулах ундаа хэрэглэхийг дэмжигч ба эсэргүүцэгчдийн аль аль нь уг
бодисын химийн үйлчлэлд илүү анхаарал хандуулдаг. Дэмжигчид түүний сэтгэл зүйн гайхамшигтай нөлөөг өөгшүүлдэг бол эсэргүүцэгчид түүнд хэрхэн соронзон мэт татагдаж, өөрийгөө удирдах тэнхээгүй болж, эрхшээлд нь орж буйд гол анхаарлаа хандуулдаг.
Хүн бүрт өөр өөр, нөхцөл байдлаас хамаараад ялгаатай байдаг. “За тэр харж
байна уу, надад яаж нөлөөлснийг” гэж хүмүүс ярьдаг.
• Зарим хүмүүс баяр хөөртэй болж байхад бусад нь гунигтай болох
• Зарим нь их өглөгч болж байхад зарим нь харамч болох
• Зарим нь сэргэлэн хөгжилтэй болоход нөгөө хэсэг нь тайван амар болох
• Зарим нь идэвхтэй болоход бусад нь идэвхгүй болж нойрмоглох
• Зарим нь дуугүй болж байхад нөгөө нь яриа болох
• Зарим нь найрсаг болоход бусад нь дайсагнасан байдалтай болох гэх мэт
Архи согтууруулах ундааны нөлөөгөөр ямарч төрлийн зан үйл, мэдрэмжийг үүсгэж
болно гэж ихэнх хүмүүс ойлгодог бол, үнэндээ тухайн бодист бус нийгмийн
үнэлэмж, хандлага, зан үйлийн байдлын тусгал болохыг тэр бүр олж хардаггүй.


Хавсралт 2
Дасгалыг чиглүүлэх тодорхойлолтууд:
Ø  Би лонх архигүйгээр баярын ширээгээ төсөөлж чадахгүй
Ø  Би төрсөн өдрөө найз нөхөдтэйгээ наргиж, архи дарс уухгүйгээр өөр байдлаар хэзээ ч тэмдэглэж чадахгүй
Ø  Насанд хүрсэн эр хүн заавал архи согтууруулах ундааг амсаж үзэх нь зүйтэй
Ø  Үнэтэй архи согтууруулах ундааг хэрэглэж байгаа нь бидний тансаг хэрэглээ зиндааг маань илэрхийлдэг
Ø  Найз нөхөд хамт олныхоо нэгэн гишүүн байхын тулд тэдэнтэй хамт архи согтууруулах ундаа хэрэглэх нь зүйн хэрэг.
Ø  Би их хүндэтгэл үзүүлж буй хүндээ аль болох үнэтэй архийг бэлэг болгон өгдөг. Энэ нь зайлшгүй байх ёстой зүйлийн нэг.

Боловсруулсан: П. Болормаа, НЭМҮТ, Эрүүл мэндийг дэмжих албаны дарга
Хичээлийн төлөвлөгөө 
АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУХАЙ

Үйл ажиллагаа 1

Хичээлээ дараах асуултуудыг тавьж, хэлэлцүүлэг байдлаар эхлүүлж өрнүүлнэ:
-       Та согтууруулах ундаа хэрэглэж үзсэн үү? Хэрэв үзсэн бол анх удаа согтууруулах ундааг амсахад ямар мэдрэмж төрж байсан бэ? Жишээлбэл: муухай амт, муухай үнэр, толгой өвдөх, бөөлжис цутгах, нүд эрээлжлэх, хөл гуйвах
-       Та анх удаа амсахдаа найз нөхдийнхөө дунд баяр ёслолын байдалтай байсан уу?
-       Эхний удаа амсахад ийм муухай мэдрэмж төрсөн юм бол та яагаад давтан хэрэглэх хүсэлтэй байна вэ? Яагаад?
-       Архигүйгээр ямар нэг баяр ёслолын арга хэмжээг та төсөөлж чадах уу?
-       Архи яагаад таны болон танай орон нутгийн иргэдийн амьдралын нэг хэсэг болсон гэж бодож байна вэ? Үүнд юу нөлөөлж байна вэ?

Дээрх хэлэлцүүлгийг 30 минутын турш үргэлжлүүлнэ.

Үйл ажиллагаа 2

Хэлэлцүүлгийн дараа хавсралтад буй (Хавсралт 1) диаграмыг үзүүлэн архины талаархи сөрөг ойлголт хэрхэн эерэг болж хувирсан талаар тайлбарлан танилцуулна.

Гол мэдээлэл 1:
Архи идээний дээж биш, архи баяр ёслол хүндэтгэлийн бэлэг тэмдэг биш.
Хүмүүс согтууруулах ундаа анх амссан үеийнхээ талаар юу гэж хэлдэг вэ?
Энэ талаар хүмүүс дараах нийтлэг шинжүүдийг ихэвчлэн хэлдэг: нөлөөнд орсон, баяр хөөртэй болдог, таашаалтай байдаг гэх мэт. Архинд агуулагдах химийн бодисуудын нөлөө нь тархинд хэрхэн үйлчилдэг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл байхгүйгээс хүмүүс иймэрхүү буруу ойлголтыг авдаг байна. Ийм ойлголт, хэвшмэл хандлага тогтоход олон хүчин зүйлс нөлөөлдөг. Анх удаа согтууруулах ундааг амсахад гашуун, муухай амттай, муухай үнэртэй байж, биед орсон хойноо бөөлжис цутгах, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухай оргих, хөл гуйвах зэрэг шинжүүд гэх мэт тааламжгүй мэдрэмж илэрдэг гэдгийг хүмүүс мэднэ. Гэтэл яагаад энэ нь яваандаа гоё сайхан мэт болж хувирдаг вэ? Хүүхдийг бага байхаас эцэг эх, гэр бүлийн орчин, нийгмийн орчин, медиа сувгуудаар үзүүлж буй бүхий л гадаад хүчин зүйлс, архи үйлдвэрлэгчдийн далд маркетингийн бодлого зэрэг нь согтууруулах ундаа нь гоё сайхан мэдрэмж төрүүлдэг мэт нөлөөлөл төсөөллийг бүрдүүлдэг байна. Павловын нохойн дээр туршсан нөхцөлт рефлекс үүсгэдэг шиг, хүн өөрөө өөртөө ийм нөхцөлт рефлексийг үүсгэсэн байна. Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэхээр гоё мэдрэмж төрнө, хөөрнө, стресс тайлагдана, бүжиглэх чадвартай болно гэх мэтээр энэхүү мэдрэмжийг хүчээр үүсгэж архи уух эсвэл уусан үедээ дээрх байдалд орох гэж хичээдэг байна. Гэтэл архинд агуулагддаг химийн бодис нь хүний сэтгэл санааг хөөргөх биш, харин эсрэгээр сэтгэл гутралыг үүсгэх нөлөөтэй байдаг байна. Уншигч та согтоод уначихсан хүн хэзээ ч дуулж бүжиглэж байгааг хараагүй байх. Мөн архаг архичин эерэг үг хэлдэггүй болохыг өөрсдийн эргэн тойрны хүмүүсээс ажиглаж мэдсэн байх. Хэрвээ анхны хэрэглээ тааламжгүй байсан бол яагаад тэд үргэлжлүүлэн хэрэглэдэг вэ?

Хавсралт 1
Архины талаарх ойлголт хэрхэн эерэг болж хувирсан бэ?
Архины талаарх ойлголт эерэг болж хувирахад маш олон хүчин зүйлс нөлөөлдөг байна. Үүнд:
-       Ёс заншил
-       Шашин шүтлэг
-       Эцэг эхийн генетикитийн урьдал байдал
-       Гэр орон, сургууль, ажлын байрны архидалттай нөхцөл байдал
-       Хамт олон, найз нөхдийн нөлөө
-       Баяр ёслолийн бэлэгдэл
-       Хүндэтгэлийн бэлэгдэл
-       Зар сурталчилгааны нөлөө
-       Архи согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн далд маркетингийн бодлого

Боловсруулсан: П. Болормаа, НЭМҮТ, Эрүүл мэндийг дэмжих албаны дарга

Насанд хүрэгсэд болон хүүхдийн суралцах онцлогууд, түүнд тулгуурлан заах аргачлалыг сайжруулах зөвлөмжүүд
Хүснэгт 2. Насанд хүрэгсэд болон хүүхдийн суралцах онцлогууд, түүнд тулгуурлан заах аргачлалыг сайжруулах зөвлөмжүүд

Насанд хүрэгсэд болон хүүхэд аль аль нь
Тэдний онцлогууд
Хичээл заах аргачлалын зөвлөмжүүд
          Суралцах загварууд нь олон янз
           Сургалтын янз бүрийн хэрэглэгдэхүүн, аргачлалыг ашиглах замаар тэдний суралцах онцлог, цаг хугацаа, төрөлд нь тохируулан заана.
Насанд хүрэгсэд
Суралцах онцлог
Сургалт явуулах зөвлөмж/Багшлах стратеги

  •            Асуудал төвтэй сургалтын аргачлалыг илүүд үздэг, амьдралд ойрхон зүйлтэй сургалтын агуулгыг аваачихыг хүсдэг
  •          Үр дүнд суурилсан, сургалтаас үргэлж тодорхой үр дүнг хүсэн хүлээж байдаг, хэрэв үр дүн гарахгүй бол сургалтыг орхин явах, оролцохгүй болдог учир нь тэд сургалтанд сайн дураар оролцдог.
  •           Бие дааж хийх гэсэн мэдрэмжийг мэдрэх хэрэгтэй, бусдын зааж зааварлаж буйд хамааралтай бус байдаг.
  •           Шинэ мэдээлэлд үргэлж эргэлздэг, үүнийг хүлээж авахаас өмнө туршиж үзэхийг илүүд үздэг.
  •         Өөрсдийн хэрэгцээнд нийцсэн сургалтыг хайдаг, одоогийн тэдний амьдрал, цаг хугацаанд нь тохирох тийм сургалтыг үгүйлдэг.          Хэрэв тухайн сургалт нэн шаардлагатай хэрэгцээнд нь нийцсэн бол сургалтанд маш хариуцлагатай оролцдог.
  •          Хэдэн жилийн туршлага, арвин их мэдлэгтэй байдаг.
  •           Өөрсдийн гэсэн үнэт зүйлс, итгэл үнэмшил, хандлага нь бат бэх тогтсон байдаг.

  •          Насанд хүрсэн оролцогчийг мэдээллийн эх үүсвэр болгож тэднээс үргэлж нээлттэй асуултууд тавих замаар тэдний мэдлэг, туршлагыг гаргаж ирэх тэдний дунд хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгох хэрэгтэй.
  •            Оролцогчид сургалтаас хүсэн хүлээж буй зүйлсийг тодорхойлоход цаг зарцуул. Ямар нэг санааны талаарх хүндрэл бусад зүйлсийн талаар хэлэлцүүлэг өрнүүл.
  •           Асуулт саналыг хүндэтгэлтэй хүлээж ав, оролцогчдыг хичээлийг амжилттай явуулахад тэдний оруулсан хувь нэмрийг онцлон сайшаах, талархах, оролцогчид заавал чиний хичээлийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөх албагүй. 
  •            Оролцогчдыг суралцах явцыг боловсруулахад оролцуулах, суралцагсад сургалтын эхлэх, зогсоох хугацаа суралцах хэмнэл зэрэгт хяналт тавихыг хүсдэг.
  •            Шинэ олж авсан мэдлэг чадвар тухайн асуудал нөхцөл байдлыг шийдэхэд хэрхэн шууд нөлөөлж болохыг харуулах, оролцооны аргачлалыг ашиглах тухайлбал тохиолдол, хувь хүний түүх, асуудлыг бүлгээр шийдвэрлэх зэрэг дасгал ажиллуулах
  •            Онол, концепциудыг холбогдох асуудлуудтай нь үргэлж холбож өгөхөд анхаарах, онол руу бус тухайн агуулгыг шууд хэрхэн хэрэглэх вэ гэдгийг анхаарч заах нь чухал. 
Өсвөр үеийнхэн
Суралцах онцлог

Сургалт явуулах зөвлөмж/Багшлах стратеги

  •           Тухайн хичээл бүрийг анхаарна, хичээл бүрийг бүрэн дуусгахыг эрмэлздэг, тухайн сэдэв тэдний зорилгод нийцэж байгаа эсэхээс хамаарахгүй хичээлд оролцдог.
  •            Ирээдүйд чиглэсэн, сурах үйл явц нь тэдний заавал хийх ёстой үүрэг бөгөөд энэ нь тэдний ирээдүйн амьдралыг төсөөлөхөд дөхөм болгож өгч байдаг.
  •            Бусдыг чиглүүлэхэд үргэлж хамааралтай байдаг.
  •            Асуухгүйгээр шинэ мэдээллийг хүлээн авдаг.
  •           Тодорхойгүй ирээдүйд бэлтгэх тэрхүү боловсрол сургалтыг хайж байдаг
  •          Өөрсдийн суралцах явц нь бусдаас хараат байдаг, өөрсдийн суралцах хариуцлагаа хүлээн авахдаа дургүй байдаг.
  •          Үндэслэлгүй үсрэлт хийх, ид шидийг шалтгаан болгох, эрсдэлд орох магадлалтай байдаг.            Гадаад төрхөндөө маш мэдрэг эмзэг байдаг, ялангуяа үе тэнгийнх нь түүнийг хүлээн зөвшөөрөх эсэх нь их чухал байдаг.           Тэднийг сэдэлжүүлэх нь асуудал
  •            Өөрсдийн бие махбодийн онцлогтой уялдуулан үргэлж эмзэгээр мэдэрч хүлээн авах онцлогтой
  •           Сурч байгаа зүйлийнхээ талаар асуух нь их ховор
  •            Янз бүрийн төлөвшлийн түвшинд байдаг

  •            Мэдлэгээс гадна ур чадварт анхаарах нь чухал
  •           Хичээлийн явцад тэдний санал туршлагыг асуух нь чухал
  •            Тэдэнд илүү хариуцлага ноогдуулах мөн ямар зүйлс хийж болох сонголтуудыг өгөх нь чухал
  •            Тусла, зөвлөгөө өг, тэдэнд чиглүүлэх бус зөвлөх нь чухал
  •            Тоглоомын аргууд чухал

Дүгнэж хэлэхэд насанд хүрсэн суралцагсад нь залуу суралцагсдаас дараах зүйлээрээ ялгагддаг байна:

  • Суралцах явцдаа илүү өөрсдийгөө чиглүүлэх чадвартай
  • Тэд сургалтанд илүү олон өргөн хүрээний зүйлсийг авчрах боломжтой учир нь тэд асар өргөн туршлагатай байдаг. Сургалтаас мөн төдий чинээ их зүйлийг сурч гарах боломжтой.
  • Багш, сургагч нар сургалтыг чиглүүлэн хүчээр үйл ажиллагаа хийлгэхэд дургүй бөгөөд тэд суралцах үйл ажиллагаа нь тэдний шаардлага хэрэгцээнд нийцсэн байхыг шаарддаг. 
Боловсруулсан: П. Болормаа, НЭМҮТ, Эрүүл мэндийг дэмжих албаны дарга